Фан Жүн Шан-ы нэхэмжлэлтэй Ян овогт Ян Сол Ян-д холбогдох иргэний хэрэг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2011. 02.10 Дугаар 261 Улаанбаатар хотСүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч В.Жавхлан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч; Сүхбаатар дүүргийн 16 хороо, Хангайн 9-364 тоотод оршин суух Фан Жүн Шан-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч; Сүхбаатар дүүргийн 11 хороо, Рашаантын 19-7 тоотод оршин суух Ян овогт Ян Сол Ян-д холбогдох
Тоёото Ландкрузер маркийн машиныг хариуцагчид өгч, тухайн машины үнэ 21000 ам.доллар, оношилгоо, үнэлгээний зардалд 600000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, хариуцагч Ян Сол Ян, хариуцагчийн өмгөөлөгч С.Сүрэнжав, иргэдийн төлөөлөгч Г.Тунгалаг, нарийн бичгийн дарга Д.Мөнхбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч Фан Жүн Шан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ян овогт Ян Сол Ян нь 2009 оны 4 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сумын нутаг дэвсгэрт Фан Жүн Шан миний эзэмшлийн Тоёото Ланд круйзер маркийн 90-63 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр заалтыг зөрчиж, Зам тээврийн осол гаргасны улмаас машиныг онхолдуулж, засвар авах ямар ч боломжгүй болгосон. Одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй бөгөөд уг гэмт хэргийг хүлээн зөвшөөрсний улмаас 2009 оны 7 сарын 09-ний өдрийн "Өршөөлийн тухай хууль”-ийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэж байна. Тоёото Ланд круйзер маркийн 90-63 УБП улсын дугаартай автомашиныг 2009 оны 4 сард 21000 ам.доллараар худалдаж авсан боловч Ян Сол Ян жолоодож яваад бүрэн эвдсэн. Машины эвдрэлийн үнэлгээ 15.000.000 төгрөгөөр гарсан боловч дахин засвар авах боломжгүй болсон учир эвдэрсэн автомашиныг хариуцагч Ян Сол Ян-д өгч, түүнээс автомашины үнэ 21000 ам долларыг, ачилт буулгалт, автомашины оношилгоо, үнэлгээнд зарцуулсан 600000 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, өмгөөлөгч Б.Цэрэндолгор нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2009 оны 4 сарын 25-ны өдөр осол болсон. Ян Сол Ян тухайн үед машиныг жолоодон яваад хурд хэтрүүлснээс онхолдуулж, хохирол учруулсан. Уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байх явцад хариуцагч хохирлыг бүхэлд нь төлж барагдуулна гэж байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хууль гарч гэм буруугаа хүлээснээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь гэмтсэн машиныг 21000 ам доллараар худалдан аваад 2-3 хоногийн дараа ийм зүйл болсон. Дүгнэлтээр уг машиныг ашиглах боломжгүй гэсэн учир машиныг хариуцагчид өгөөд үнийн 21000 ам долларыг, бусад зардлын 600000 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Үнэлгээний хувьд 13.333.000 төгрөгөөр хохирол тооцогдсон боловч энэ үнээр дээрх машиныг сэргээх боломжгүй учир машины анхны үнийг нэхэмжилсэн. Урьдах шүүх хуралдаанд энэ хэргийн хохирогч Ганболдыг гэрчээр оролцуулахаар Дорнод аймгаас дуудуулж ирүүлсэн боловч шүүх хуралдаан тодорхой шалтгаанаар хойшилсон. Тэгэхдээ гэрчийг шүүхэд асуулгаж мэдүүлэг авахуулсан байгаа, хэргийн бүх оролцогчид байлцаж асуулт тавьсан. Нэхэмжлэгч, хариуцагч талууд хохирогчид хэрхэн тусалсан, хэдий хэмжээний мөнгө өгсөн, хэрэг ямар нөхцөлд болсон талаар өгсөн мэдүүлгийг харгалзах учиртай гэж үзэж байна. Түүнээс нэхэмжлэгчямар нөхцлөөр Монголд амьдарч байна, хөдөлмөр эрхлэлтийн байдал нь зөрчилтэй юу , үгүй юу гэдэг нь хэрэгт ач холбогдолгүй байх гэж үзэж байна гэв. Хариуцагч Ян Сол Ян шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон хариуцагч, түүний өмгөөлөгч С.Сүрэнжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 2009 оны 4 сарын 25-ны өдөр Хэнтий аймаг явж байхад миний урд Фан Жүн Шан нь өөрийнхээ машинтай явж байсан. Би ард нь Ганболдтой хамт Тоёото Ландкрузер маркын машинтай явж байгаад уг осол болсон. Замд гарахын өмнө захирал өөрийн машинаа оношилгооны газарт аваачин эвдрэл гэмтлийг засуулсан атлаа миний унах машиныг оношлуулж, бүрэн бүтэн байдал болон техникийн аюулгүй байдлыг хангаагүй. Үүгээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч нь хариуцана” гэснийг зөрчсөн. Миний унаж явсан машины зүүн хойд талын дугуй буудаж, улмаар тэнхлэгээсээ салж, уг осол гарсан. Миний барьж явсан машин нь Монголд 10 гаруй жил явсан байсан ба намайг засч өгье гэхэд засуулаагүй. Би бол кузовийг сольж, 4-5 сая төгрөгөөр засах байсан. Машин нь яавч 21.000 ам доллар хүрэхгүй, гаалийн мэдүүлэгт 7500 ам доллар гэж тэмдэглэгдсэн байнлээ.Уг машин нь 4-5 хүн дамжиж худалдагдсан байдаг. Машин худалдсан хүн 21.000 доллараар худалдсан гэж бичиж өгсөнөөс өөрөөр 21.000 доллар гэдгийг юугаар нотолж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн зураг дээр миний машины зүүн талын дугуйн мөр зорчих хэсгийн захаас 0.2 метр гаран шарвалт өгсөн гэж тэмдэглэгдсэн байсан. Ослын актад хурд хэтрүүлсэн талаар юу ч байхгүй бөгөөд Ян сол Ян гарын үсэг зураагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, зөвхөн байцаагч л гарын үсэг зурсан байсан. Тэгээд ч захирлынхаа удирдлага дор ажил үүргээ гүйцэтгэж яваад уг осол гарсан. Хэдийгээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, иргэний журмаар хохирлоо жич нэхэмжил гэсэн бичгийг тээврийн прокурор өгсөн боловч энэ нь хохирол төлбөрийг бүрэн хариуц гэсэн нотлох баримт биш гэж үзэж байна гэв. Хариуцагч Ян Сол Ян сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Уг авто-ослын улмаас хохирогч П.Ганболдын эмчилгээний зардалд төлсөн 4.223.890 төгрөг, ослын газраас машин ачуулж явсан зардал 800.000 төгрөг, баримт бичиг орчуулсан, хуулбарласан зардал 32300 төгрөг, Ян Сол Ян миний БНХАУ-д эмчлүүлсэн эмчилгээний төлбөрт 46449 юань буюу 9.289.940 төгрөг, нийт 14.346.130 төгрөгийг Фан Жүн Шаниас нэхэмжилж байна гэв. Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Фан Жүн Шан нь Ян овогт Ян Сол Ян-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтсэн Тоёото Ландкрузер маркийн машиныг хариуцагчид өгч, автомашины үнэ 21000 ам.доллар, оношилгоо, үнэлгээний зардал 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ян Сол Ян эс зөвшөөрчээ. Хариуцагч Ян Сол Ян нь ослын улмаас хохирогч П.Ганболдын эмчилгээний зардалд төлсөн 4.223.890 төгрөг, ослын газраас машин ачуулж явсан зардал 800.000 төгрөг, баримт бичиг орчуулсан, хуулбарласан зардал 32300 төгрөг, өөрийнхөө БНХАУ-д эмчлүүлсэн эмчилгээний төлбөрт 46449 юань буюу 9.289.940 төгрөг, нийт 14.346.130 төгрөгийг нэхэмжлэгч Фан Жүн Шаниас сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хариуцагч Ян Сол Ян нь Тоёото Ландкрузер маркийн 90-63 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлэг, 1-р хэсгийн "Жолооч тээврийн хэрэгслийн байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт автомашиныг онхолдуулж осол гаргасныг Зам тээврийн осол дээр тогтоосон актаар нотлогджээ. Тээврийн прокурорын газрын 2009 оны 09 сарын 25-ны өдрийн 430 дугаар тогтоолоор Ян Сол Ян-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагч Ян Сол Ян нь 2009 оны 04 сарын 25-ны өдөр хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамаарагдаж байна гэх үндэслэлээр мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дээрх тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Фан Жүн Шан-ы өмчлөлийн хөрөнгө болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх боловч хариуцагч Ян Сол Ян нь ажил үүрэг гүйцэтгэхээр уг автомашиныг жолоодож явсан, түүнийг ажиллуулахаар аман хэлцлээр тохиролцож, автомашиныг түүнд нэхэмжлэгч шилжүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн үгүйсгэхгүй байна. Тиймд " тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөхгүй бөгөөд өөрт учирсан гэм хорын хохирлын 50 хувийн хариуцлагыг хүлээх нь зүйтэй гэж шүүх үзэв. Нэхэмжлэгч нь уг автомашиныг 21000 ам доллараар худалдан авсан гэж тайлбарлаж, машиныг худалдсан гэх нэг хүний тодорхойлолт гаргаж буй нь нэхэмжлэлийн үнийг тогтоох шууд нотлох баримт болохгүй байх ба харин уг автомашины эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын үнэлгээнд автомашины зах зээлийн үнийг 22.0 сая төгрөг гэж үнэлсэн байгааг үндэслэн энэ үнийн 50 хувь болох 11.0 сая төгрөг , оношилгоо, үнэлгээний зардалд нэхэмжилсэн 600.000 төгрөгний тал хувь болох 300.000 төгрөг, нийт 11.300.000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээс хангах боломжтой байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд; Хохирогч П.Ганболдын эмчилгээнд нэхэмжлэгч Фан Жүн Шань 5 сая төгрөг, хариуцагч Ян Сол Ян 3 сая төгрөг тус тус төлсөн нь гэрч П.Ганболдын мэдүүлгээр тогтоогдож байх тул зохигчид хэн алиндаа төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж хохирогч П.Ганболдын эмчилгээний зардалд төлсөн 4.223.890 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Мөн Ян Сол Ян нь осол хэрэг гарсан үед эмнэлгийн үзлэгт орсон тухай баримтгүй, ямар гэмтэл авсан нь тогтоогдоогүй байхад БНХАУ-д эмчлүүлсэн гэх шалтгаанаар эмчилгээний төлбөрт 46449 юань буюу 9.289.940 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Харин ослын газраас машин ачуулж явсан зардал 800.000 төгрөг нэхэмжилсний 50 хувь буюу 400.000 төгрөгийг нэхэмжлэгч Фан Жүн Шаниас гаргуулж, хариуцагч Ян Сол Янд олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийг доллараар тодорхойлсон байх боловч гэрээний үүрэг биш гэм хорын хохирол тул автомашиныг зах зээлийн үнээр буюу монгол төгрөгөөр үнэлснийг харгалзан төлбөр тооцоог төгрөгөөр тогтоосныг дурьдах нь зүйтэй. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4.-д заасныг баримтлан хариуцагч Ян Сол Ян-аас 11.300.000 /арван нэгэн сая гурван зуун мянган / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Фан Жүн Шан-д, нэхэмжлэгч Фан Жүн Шаниас 400.000/ дөрвөн зуун мянган / төгрөг гаргуулж хариуцагч Ян Сол Ян-д тус тус олгож, нэхэмжлэгчийн 10 сая төгрөгний шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн 13.946.130 төгрөгний шаардлагыг тус тус хасч хэрэгсэхгүй болгосугай. 2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6-р зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 320.000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 177.730 төгрөг тус бүрийг СБД-ийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ян Сол Янаас ………./11.300.000 төг тохирох/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Фан Жүн Шанд, нэхэмжлэгч Фан Жүн Шаниас ........./ 400.000 төг тохирох/ төгрөг гаргуулж хариуцагч Ян Сол Ян-д тус тус олгосугай. 3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ В.ЖАВХЛАН. ШҮҮГЧИД Г.АЛТАНЧИМЭГ Н.ОЮУНТУЯА
No comments:
Post a Comment