Биеэ үнэлэгчдийг худалдаж авдаг хамгийн залуу үйлчлүүлэгч нь 15 настай, ахмад нь 80 настай эрэгтэй байдаг байна. Нийгмийн сэтгэлзүй биеэ үнэлэгчдийг ялласаар ирсэн. Одоо ч эрх нь зөрчигдөж энэ зам уруу хальтирсан охид бүсгүйчүүдийг дурандаа биеэ үнэлсэн хүмүүс хохь чинь гээд зөнд нь орхисоор.
Гэтэл сүүлийн үед дотоодод насанд хүрээгүй охидын биеийг дарамтлан үнэлүүлэх явдал хамгийн ашигтай бизнес болж хувирчээ. Энэ нь хуулийн оновчгүй байдалтай холбоотой гэдэг. Өөрөөр хэлбэл Садар самуунтай тэмцэх тухай хууль биеэ үнэлэгч нь өөрөө өөртөө биеэ үнэлж байгаа мэт заалт зүйлтэй. Уг нь хууль хоёр талын харилцааг зохицуулах ёстой. Гэтэл хууль нь биеэ үнэлэгчдийг торгоно, цагдана гэдэг. Харин цаана нь яагаад насанд хүрээгүй хүүхдүүдийг худалдаж аваад байна вэ гэдэг дээр ялын бодлого байдаггүй.
Тиймээс бидний дунд 13-14 настай охидыг худалдаж авдаг эрчүүд гэмгүй царайлан амьдарч байна. Юун түрүүнд биеэ үнэлэгчдийг буруутгах биш, мөнгө төлж тэднийг худалдан авч байгаа хүмүүст хариуцлага тооцох механизм үгүйлэгдсээр.
Зах зээл дээрх эрэлтийг хязгаарлаж гэмээнэ нийлүүлэлт багасна. Түүнээс биш нийлүүлэлттэй тэмцээд үр дүнд хүрэхгүй хэмээн холбогдох хүмүүс хэлдэг. Гэтэл сүүлийн үед эдгээр охид бүсгүйчүүдийн ихэнх нь мансууруулах бодис хэрэглэдэг нь тогтоогджээ. Энэ бол бас нэгэн аюулын харанга дэлдсэн хэрэг.
Согтууруулах болон мансууруулах бодисын хэрэглээний талаар нийслэлд оршин суугч биеэ үнэлэгчдийн дунд “Хүйсийн тэгш эрхийн төв” ТТБ-аас суудалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 20.2 хувь нь каннабис гэх мансууруулах бодис үнэрлэж хэрэглэдэг бол 2.6 хувь нь кокайн, морфин тарьдаг, 6.1 хувь нь цавуу үнэрлэдэг. Харин 5.2 хувь нь олсны ургамал хэрэглэдэг болох нь харагдсан байна. Тэдний 45.2 хувь нь хэрэглэж буй мансууруулах бодисынхоо нэрийг мэдэхгүй 16.6 хувь нь тайвшруулах эм хэрэглэдэг гэсэн хариулт өгчээ.
Түүнчлэн уг төвөөс бэлгийн мөлжлөгт өртөж буй охидын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон охидын 50.6 хувь нь мөнгө олох, 19 хувь нь гэр бүлээ тэжээх, 24.1 хувь нь өрөө төлөх, 3.8 хувь нь найз нөхдөө дагаж биеэ үнэлдэг нь тогтоогдсон аж. Эдгээр охид өдөрт 1-5 хүнд үйлчилж мөнгө олдог. Харин үйлчлүүлэгчдэд 21-30 насны эмэгтэйчүүд зуучилдаг байна. Зуучилж буй эмэгтэйчүүд охидыг зодох, өр зээлээ төлөхийг шаарддаг. Мөн биеэ үнэлдэг гэж бусдад хэлнэ гэх зэргээр сүрдүүлж дарамт шахалт үзүүлдэг тухай хохирогчид ярьжээ.
Нийслэлд 4650 эмэгтэй биеэ үнэлдэг гэх тоо бий. Судалгаагаар тэдний 49.6 хувь нь 1-3 жил биеэ үнэлсэн гэх хариулт өгчээ. Тэр ч бүү хэл 26 жилийн турш биеэ үнэлж буй эмэгтэй байдаг аж.
Энэ онд Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нийслэлд насанд хүрээгүй 140 гаруй охид биеэ үнэлдэг гэсэн тоо гарчээ. Мөн 4600 орчим хүн бэлгийн мөлжлөгт өртөж буй нь тогтоогджээ. Тэдний ихэнх нь 13-17 насны охид байдаг байна. Зарим нь анх нь 13 настайдаа бэлгийн харьцаанд орсон гэх хариулт өгсөн байна.
Энэхүү судалгааг 22 мянга гаруй хүний дунд явуулжээ. Тэдний ихэнх нь мөнгөний гачигдлаар биеэ үнэлж эхэлсэн. Гэвч удалгүй зуучлагчтай болж дарамтлуулан биеэ үнэлдэг болсон гэжээ.
Харин зарим нь танил талаараа дамжуулан зуучлагчдаас мөнгө зээлж түүнийгээ төлж чадаагүй учраас аргагүй эрхэнд биеэ үнэлж явсаар бэлгийн мөлжлөгт өртсөн аж.
Зуучлагчид охидыг ихэвчлэн түрээсэлсэн хашаа байшин, байранд эсвэл зочид буудал, гэртээ байлгадаг байна. Тэд нэг газраа удаан байрладаггүй байрлалаа сольж нүүдэг гэдгийг судалгаанд хамрагдагсад хэлжээ.
Тэднийг ихэвчлэн саун массаж, зочид буудал, гудамжинд биеийг нь үнэлүүлдэг байна. Бэлгийн мөлжлөгт өртсөн охидын 44 хувь нь өмнө нь хүчиндүүлж байсан. Хүчиндсэн гэх хүмүүс нь хойт эцэг нь байсан гэдэг нь тогтоогджээ. Харамсалтай нь эдгээр охидын тал нь бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг яаж илэрдэгийг мэддэггүй. Өөрсдийгөө бэлгийн замын халдварт өвчтэй эсэхээ мэдэхгүй гэх хариулт өгчээ.
Өмнө нь биеэ үнэлж байсан эмэгтэйчүүд охидыг зуучилдаг бөгөөд тэд өөрсдийгөө Бялзуухай, Нандиа, Жижгээ, Бvргэд, Сорвит зэрэг нэрлэдэг гэнэ. Охид энэ замаас гарах гэж зугтаж гэр орондоо очдог боловч тэднийг зуучлагч нь хүнээр мөрдүүлэн гэрт нь очиж дарамтлан зодуулдаг. Тиймээс буцаад л энэ замдаа ордог гэсэн байна.
Харин биеэ үнэлэгчдийн 17 хувь нь их дээд сургуульд суралцдаг, 52 хувь нь сургууль завсардсан байдаг гэх судалгаа гарчээ. БНХАУ-ын Эрээн хотод гэхэд 150 Монгол охид эмэгтэйчүүд биеэ үнэлдэг байна.
Мөн биеэ үнэлэгчдийн гуравны нэг нь өөрийн гэсэн орон сууцтай эрхэлсэн ажилтай хүн байхаас гадна хүүхэдтэй эмэгтэйчүүд тэдний дунд 2000 орчим бий гэнэ.
Бид эмэгтэй биеэ үнэлэгчдийн талаарх асуудлын эргэн тойрныг илүүтэй авч үздэг. Гэтэл дан ганц охид эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүд биеэ үнэлдэг нь судалгаагаар илэрчээ. Тэдний ихэнх нь гурваас доошгүй жил биеэ үнэлсэн байдаг. Эдгээр эрчүүд өдөрт гурваас доошгүй үйлчлүүлэгч авдаг бөгөөд сард 500 орчим мянган төгрөгийн орлоготой гэсэн аж.
Судалгаанд хамрагдагсад энэ мэт дэлгэрэнгүй мэдээллийг урамшуулал авсныхаа дараа хэлж өгчээ. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг худалдаж авдаг хамгийн залуу үйлчлүүлэгч нь 15 настай бол ахмад нь 80 настай хүн байдаг байна.
Ямартаа ч нийслэл гэлтгүй манай улсад насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх явдал газар авчээ. Харин эдгээр охид мансуурлын ертөнц рүү хальтирсаар…
RSS in offline mode
8 years ago
No comments:
Post a Comment