Удахгүй хүүхдийн амралт эхлэх нь ээ.. Манай хүүхдүүдийн ихэнх нь хашаандаа, орцныхоо үүдэнд тоглож. Зарим нь дүү нараа харж зуны сарыг өнгөрөөдөг уламжлалтай. Бололцоотой нэг нь зусланд амарна. Өнөөдөр "Хүүхдийн зуслан" гэж хаана ямар газар байгааг мэдэх хүн төдийлөн бага. Зах зээлд шилжих үед яам газруудын харъяаны хүүхдийн зуслангуудыг хэсэг хүмүүс хүүхэд амруулах үлгэр жишээ зуслан болгоно гэж хувьчилж авцгаасан байдаг.
Тэр нь хэрэг дээрээ томчуудын амралтын газар болоод хувирсан. Бидний сайн мэдэж байгаагаар Найрамдал зусланд боломжтой гэр бүлийн хүүхдүүд амарч байна. Зарим нь хоёр гурван удаа очоод амарчихна. Нийслэлийн ойролцоо хэд хэдэн хүүхдийн зуслангууд бий. Тэд болохоор хүүхэд амруулахад ашиггүй гэж ярьдаг. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд зусланд амрах нь цөөрчээ. Эцэг эх нь хүүхдэдээ, цэвэр агаар, эрүүл хүнс, аюулгүй орчныг хүснэ. Сургуулийн амралт эхлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хүүхдийг чинь тансаг амруулна, аялал зугаалганд авч явна, төрөл бүрийн сургалттай, гадаад багштай, хөнгөлттей, хямдралтай" гэж зарлана.
Хэрэг дээрээ тэр амлалтаа гүйцэлдүүлэх нь тун бага. Хүүхдүүд оюуныхаа ядаргааг тайлах бус ядаргаанд орох нь их байдаг аж. Манай хүүхдүүдийн зарим нь гэр орондоо зарагдсаар байгаад нэг мэдэхэд хичээл эхлэх болчихсон байна. Эцэг эх нь хувцас, номныхоо мөнгийг ол гэж ажил хийлгэх нь ч бий. Иймэрхүү өнгө аястайгаар Монголын хүүхдүүд амарч чадахгүй зуныг өнгөрөөж, зуслан гэдгээс хол явах нэг хэсэг байна. Хүүхдийн зуслан, хүүхдийг амруулах тухай ойлголт утга учраа алдчихжээ.
Өнөөдөр хүүхдүүдийн нилээдгүй хэсэг нь оюуны ядаргаанд орж, сэтгэцийн эмгэг газар авч, оюуны чадавхи суларч байна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Хотын шуугиан, замбараагүй мэдээллийн хэрэгслүүд, электрон тоглоом, оюуны чадавхи шаардсан вакумджсан сургалтууд, хүчтэй дуу хөгжим, элдэв номлол бясалгал зэрэг нь хүүхдэд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой. Нилээдгүй хүүхдүүд ядуурал, гэр бүл салалт зэрэг гашуун бүхнийг биеэрээ үзэж байна. Ийм нөхцөлд хүүхдийг зөв амруулах, эрх чөлөөг нь эдлүүлж эрүүл мэндийг нь хамгаалах шаардлага тулгарч байгаа нь лавтай.
Энэ цаг үеийн хөгжил дэвшилтэй уялдаад хүүхдийн хүсэл сонирхол, сэтгэлгээ ихээхэн өөрчлөгджээ. Зусланд өглөөний бүрээн дуунаар сэрж, галын наадам тойрон хөгжилдөх нь тийм ч сонин биш болжээ. Өөрөөр хэлбэл хүүхэд бие даан сонголт хийдэг ухаалаг хэрэглэгч болж чадаж байна. Хүүхдүүд өөрт хүртээмжгүй, оролцоо багатай, ач холбогдолгүй, олныг хамарсан нийтлэг арга хэмжээнээс зайлсхийх болжээ. Монголчууд бид хүүхэд гэдэг том ертөнц байгааг одооноос л анхаарч байна. Зар сурталчилгаанд хэт итгэн хөл алдан гүйх хүүхэд байхад ухаалаг хэрэглээ хүсэмжилдэг, эрүүл мэндээ хамгаалж зөв амарч эрчтэй суралцахыг хүсдэг хүүхдүүд олон болсон гэж багш нар ярьж байна.
Хүүхэд зусланд амрах, аялж зугаалах хүсэл байв ч мөнгөгүйн зовлонг байнга амсч бүхнээс хоцорч байдаг. Бүх юм мөнгөөр хэмжигдсэн энэ цаг үед ядуу, дунд давхаргын амьжиргаа муутай айлын хүүхдүүд амарч зугаалахыг бодохоосоо илүү ажил хийж мөнгө олохыг бодох болжээ. Тэгэхээр хүүхдүүдэд томчууд хандахаас өөр хэн хандах билээ. Өнөөдөр нийслэлийн хүн амын 41 хувийг 8-16 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийг зусланд зөв зохион байгуулалттай амруулах эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг зуслангийн захирлууд удаа дараа ярьж иржээ. Хүүхдийн зуслангийн стандарт гэж байдаг.
Нийслэлийн энэ олон сургуулиудын сурагчид зуныхаа амралтыг хаана яаж хэрхэн амарч өнгөрөөдөг бол оо гэж та бодоод үзээрэй. Зарим нь "Хүүхдийн парк"-ын хашааны завсраар харж тоглохсон гэж хорхойсож л яваа. Хүүхдийг хүндэтгэж, тэдэнд худлаа худлаа хэлэлгүй зуны гурван сарыг зугаатай сайхан өнгөрүүлэх нь хойчийн ирээдүйд өлзийтэй болохсон билээ. Хамгийн эрх дархтай хүн хүүхэд байх учиртай биш билүү. Монголын төр хойч ирээдүй болсон хүүхдүүддээ анхаарлаа хандуулж тэдний зуны амралтыг шилдэг менежментээр зохион байгуулах, эрх зүйн шинэчлэлийг хүүхдийн зуслангуудад хийж шудрага өрсөлдөөнийг бий болгох шаардлага гарч байна.
Өдий төдий сая төгрөгөөр реклам сурталчилгаагаа хийлгэж байдаг компани, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд зуны улиралд хэдэн хүүхдийн долоо хоног зусланд амрах зардлыг даавал улам илүү сурталчилгаа болох юм биш үү. Хүүхдэд үзүүлсэн тус эргэж наалддаг гэж үг бий дээ.
"Оч" хүүхдийн зуслангийн захирал Д.Сумъяа
RSS in offline mode
8 years ago
No comments:
Post a Comment