Sunday, May 15, 2011

Нийслэлийн удирдлагууд парламентын ордон барих газрыг зааж өглөө

Төрийн ордны зүүн талд олон жилийн нүүр үзсэн нэгэн балгас бий. Энд парламентын шинэ ордон барих санаачилгыг Нийслэлийн удирдлагууд гаргаж, Засгийн газарт хүргүүлжээ.

Хөрөнгө, мөнгөтэй хүний шүлсийг асгаруулдаг газруудын нэг, Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хувьчлалыг цагдаагийнхан шалгаж эхлээд байгаа. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас уг хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүх прокурорт шилжүүлээгүй ч гэсэн энэ сарын эхээр хуралдсан Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хурлаар авч хэлэлцсэн байдаг.

Тус хурлаас Сүхбаатар хэвлэх үйлдвэрийг авсан "Улаанбаатар таймс" менежментийн баг хууль зөрчсөн хэмээн үзэж, уг хувьчлалыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Ингэснээр тус хэвлэх үйлдвэрийн газрыг Нийслэлийн өмчдөө буцаан авах боломжтой болсон юм. Харин энэ хэрэгт тухайн үед Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн өмч хувьчлалын комиссыг ахалж байсан болон менежментийн багт орж ажиллаж байсан хорь гаруй хүнээс тайлбар, мэдүүлэг авч найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг. Ийнхүү хэрэг шийдэгдээгүй байгаа хэдий эзэн нь тодорхой бус, хотын "А" зэрэглэлийн бүсэд орших уг газарт шинэ барилга сүндэрлэх цаг ойртлоо.

Таван жилийн өмнө Кувейтын Засгийн газраас манай улсад парламентын ордон барихад зориулж 15 сая ам.доллар өгнө хэмээн мэдэгдэж байлаа. Харин манай талаас парламентын шинэ ордны газрын асуудал шийдэгдэхгүй, маргаан дагуулсаар байсан юм. Жил гаруйн өмнө УИХ-ын байнгын хороодоор Төрийн ордны хойд цэцэрлэгт парламентын шинэ ордон барих тухай асуудлыг хэлэлцэж байв. Тухайн үед Г.Баярсайхан, С.Оюун, Д.Энхбат нарын гишүүд нийслэлд байдаг хэдхэн цэцэрлэгийн нэгийг хамгаалж, эсэргүүцлээ илэрхийлэн мод тарьсан билээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Р.Раш гишүүн Төрийн ордны зүүн талд байрлалтай хуучин хэвлэх үйлдвэрийг нурааж суурин дээр нь парламентын ордон барих саналыг гаргасан ч бусад нь дэмжилгүй өнгөрөөж байв. Харин өдгөө парламентын шинэ ордон барих асуудлыг УИХ-аар хэлэлцвэл эрхэм гишүүд хаана барих вэ гэдэг дээр маргаж мэтгэлцэх шаардлагагүй болж байна.

Монгол Улсын Төрийн ордон 491 ажлын өрөө тасалгаатай, 536 хаалга 932 цонхтой. Ордны ажлын өрөө танхимуудыг ээлж тогтоон засварладаг байна. Ийм байдлаар нэг өрөө 6-7 жилийн дараа засварт ордог аж. Төрийн ордонд УИХ-ын чуулган болон байнгын хороод хуралддаг гурван танхимтай. Мөн
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхим, Засгийн газрын хуралдааны, ёслол хүндэтгэлийн, хүлээн авалтын, уулзалтын гээд арав орчим танхим бий. Түүнчлэн зоогийн газар, номын сан, уншлагын газар, хэвлэх үйлдвэр, спорт чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, холбооны салбар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 өрөө тасалгаатай.

Харин энд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг хариуцсан газрын төв аппарат, төрийн ёслол үйлчилгээ, харуул хамгаалалтын албаныхан байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд нь тус тусын өрөөтэй. Төрийн ордонд нийтдээ мянга гаруй хүн ажилладаг. Ер нь бол хүчин чадлыг нь хэтрүүлэн ашиглаж буй барилга гэхэд болно.

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, гээд хэн хэнд нь байшин барилга хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хөрөнгө мөнгө нь бэлэн байхад газрын асуудлыг нь шийдэж чадахгүй байсан нь Монголын төрийг дорд байгааг харуулж буй нэг үйлдэл гэдэг нь ойлгомжтой. Харин үүнд цэг тавьж, парламентын шинэ ордонг барих газартай болгосон нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Үүний зэрэгцээ энэ мэт хууль бусаар хувийн эзэмшил болгосон газруудыг нийслэлийн өмчид буцаан аваасай хэмээн хүсч байна.

No comments:

Post a Comment